“Инээмсэглэл”: тэр жилүүдийг эргэн дуурсахуй

21 August 2010

Энэ зураг оросын "Кругозор" хөгжмийн сэтгүүлд гарсан юм. Зүүн гараас: Д.Ганхуяг,  Т.Энхболд, Д.Цогдэлгэр, ард нь Б.Долгион. Энэ сэтгүүлд нэгэн онцлог байсан. Юү гэвэл сэтгүүлийн дунд нь гялгар, нийлэг хялсан дээр дуунууд бичсэн байсан. Энэ дугаарын нийлэг хальсан дээр манай хамтлагийн 2 дуу гарсан юм.














Тээр жил, би эхнэрийн хамт “ГЭР” нэртэй сэтгүүл гаргаж байсан үе юм. Сэтгүүлийн нэгэн дугаарт “Инээмсэглэл” хамтлагийн тухай нийтлэл гаргахгаад хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Р.Энхбазарт хандаж хамтлагтай хэрхэн хамтран ажилласан, хамтлагийн гишүүдийн талаар хэдэн үг бичиж өгнө үү гэсэн юм. Миний тавьсан хүсэлтэд тэрээр “за” гэв. Би ч санаа амрав. Учир нь нэгэнт “за” гэж дугарсан бол Энхбазар маань заавал биелүүлнэ. Хүмүүжил нь тийм юм. Хэдэн хоногийн дараа “Би хэдэн өгүүлбэр таталчихлаа, ирж ав” гэж тэрээр утастав. Түүний бичсэн зүүлийг би тэр үедээ хэвлэж гаргасан. Харин “ГЭР” сэтгүүл тодорхой шалтгааны улмаас хаагдсан. Ингээд Энхбазарын 1999 онд бичсэнийг та нартаа толилуулъяа.















- Энэ чуулгатай анх 1979 онд учирсан. Би Монголын радиогийн хөгжмийн редакцид редактор байлаа. Нэг өдөр МИОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Энхболд манай редакцид хандан хамтлаг байгуулах тухай, байгуулах ч юу байхав, оюутан байхдаа  Москвад “Улыбка” нэртэй тоглож байсан хамтлагаа сэргээх, тэр хамтлагаа радиогийн дэргэд байгуулж голдуу бичлэг хийлгэж байхаар хүсэлт тавьж билээ. Анхандаа би “энэ хэд ноот мэдэхгүй, бас тэгээд ажил мэргэжил нь ч юү билээ” – гэсэн шүү юм бодогдоод “хөгжим ч та нарт ахадсан хоол байхдаа” – гэж хариулсансан. Харин УГ зүтгэлтэн Т.Чимиддорж гуай /Радиогийн хөгжмийн хариуцлагатай редактор агсан/ их л уриалгахан /ер нь хүн нь тийм хүн/ хүлээн авсан юм. Ингээд л хуучин “Баян Монгол” чуулгаас үлдсэн нэг орган, гитарын “Тесла” өсгөгч, бас гитарын нэг муухан “Регент” өсгөгчтэй тэд эхэлсэн юм даа. Ер нь хаягдсан, хэмхэрхий бүхнээ л өгсөн юм. Хамтлагийн идэвхитэй дэмжигч, хэд хэдэн дуу ч хамтран дуулсан М.Энхсайхан /асан, Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан/, С.Баяр /МОНЦАМЭ агентлагийн ажилтан байсан/, Л.Дэлгэрцог /Радиогийн засварын газрын инженер байсан/, Т.Галсанжаргал /Радиогийн улс төрийн тоймч байсан/ гэх мэтийн хүмүүс хөгжмийн сэлбэг зэргийг олж засаж, амь оруулж өгдөг, тоглолтын үед нь хөгжим зөөж тусалдаг байв. Ингээд л Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, Батчимэг, Б.Долгион нар сургуулиа эхэлсэн. Яваандаа Б.Бадар-Ууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гээд л залуучууд нэмэгдэж Батчимэг хувийн шалтгаанаас хамтлагийн ажлаас хөндийрсөн дөө. Гэвч Батчимэг маань “Би цас ороход дуртай” гэдэг дуу зохиож энэ хамтлагт нэрээ үлдээсэн юм.
Анхны бичлэг, анхны тоглолт, анхны уралдаан гээд л дурсах юм маш их. Тэр бүхэн хэдэн боть ном ч болж болно. Гэвч би энд хамтлагийн гишүүдийн тухай л дурсахыг хүснэ. Эд маань хөгжмийг хүлээн аваад сэтгэлдээ ургуулдаг залуус байлаа. Энэ нь л чухамдаа авъяас байсан хэрэг л дээ. Ингээд:

 Тогоогийн ЭНХБОЛД /Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, МОНЦАМЭ агентлагийн ажилтан/.
  




















Дарга хүн зарц байх ёстой гэсэн шиг бүх л хар бор ажил хөөцөлдөнө, зохицуулна. Уран сэтгэх оргилуун сэтгэмжтэй. Бүтэх бүтэхгүй хамаагүй, том мөрөөднө. Мөрөөдлүүдээ бүтээхийн тулд ажиллана. Түүгээрээ сэтгэлээ тэжээж үргэлж баясгалантай явна. Зөрүүдэлчихвэл ч харин хэцүү дээ. Би, бид түүнийг Энкууш гэдэг. Сайн ч менежер. Тэр өнөөдөр ч “Инээмсэглэлээ” нэг цуглуулж тоглох юм сан л гэж ярьж явна. Тэр нь ч хэзээ нэгэн цагт бүтэх болно. Энкуушийн маань мөрөөдөл голдуу биелдэг юм.

 Намсрайн ГАНХУЯГ /гитарчин, дуучин, Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны ажилтан/.
 














Хамтлагийн зүтгүүр. Дуулаад халаад ирвэл ч тогтооход хэцүү. Ямарч үед сэтгэлээр унана гэж байхгүй. Хамтлагийн хэн нэгэн байхгүй сандрах үед Хуягаа л байвал айлтгүй. Авраад л гарна. Ганцхан гитар нь л цэнэгтэй байвал Хуягаа цэнэггүй гэж үгүй.

Чулууны ГАНБОЛД /цардуулт хөгжим, дуучин, Энх тайван, найрамдлын хорооны ажилтан/.





















Хамтлагийн студи дахь толгойлогч нь. Хөтөлбөр боловсруулах, дуу сонгох, найруулах бүх л ажилд хөмсгөө зангидаад, цээж хаялаад л орчихно. Уянгын дуунд шингэчихсэн хүн. “Дуучин гитар” гэдэг дууг Ш.Шажинбатын үгээр зохиосон нь тэр үеийн улс төрийн дууны нэг оргил байлаа.

Балчинжавын ДОЛГИОН /бас гитар, “Новости Монголии” сонины ажилтан/.
















Дуу муутай боловч онож хэдэн үг хэлчихээд түүндээ баясаж жартайж инээмсэглэнэ. Гоцлон дуулахгүй ч хоолой хийхдээ хэнээс ч дутахгүй, идэвхитэй ч гэж жигтэйхэн. Дуу зохионо. Анхных нь “Сансарт монгол хүн нислээ” гэж Б.Халтарын шүлгээр зохиосон дуу байсан санагдана. Өдгөө бол тоолоход бэрх болоо биз ээ. Хөгжмийн хамтлаг, дуучдыг сайн мэднэ дээ. Энэ талаараа бол энциклопеди л гэсэн үг.

Дамдингийн ЦОГДЭЛГЭР /юу л бол юу! Монголын радиогийн ажилтан/.
















Үг дуу цөөнтэй. Хүний хэлснээр байна. ХБДС-ийг төгссөн юм болоод нөгөөдүүлдээ ноотор тусална. Үүнийгээ өөрийнхөө давуу чанар гэж ойлгодогч тэр талын бүх туслалцааг нөхөддөө өгнө. Хамтлагтаа бол орлон тоглогч юм даа. Хэн нэгэн нь байхгүй бол Цогоо л орлоно доо. Түүний олон сайхан дуу би. Би бол шавь гэх дуртай. Үүнд ч үнэн бий.

Ядамсүрэнгийн ОЮУНДЭЛГЭР /дуучин, оюутан/.














Хамтлагийн хатан хаан. Дуулах л үүрэгтэй. Харин дуугаа их зөв сонгоно. Оюунаа байхад нөгөөдүүл нь нуруугаа тэгшилж, бүхий л ажлаас /хөгжим зөөх, угсран гэх мэт/ чөлөөлөхийг оролдоно. Харин хамгийн нандин зүйлээ /микрофон мэт/ Оюунаад хадгалуулна. Дуугай, хоолой н ч тун эвлэг зөөлөн.

Бадраагийн БАДАР-УУГАН /гитаарчин, дуучин, Монгол телевизийн ажилтан/.















Хожим нийлсэн ч хэдийнийх шиг байдаг. Нүдээрээ инээсэн. Ууган 12 утастай гитаараараа биднийг бишрүүлж нэгдсэн юм. Миний хувьд гэвэл “Дэлхий ээж” – ийг минь амилуулсан бурхан! Хамтлагийн хувьд гэвэл сэтгэлийг засагч. Хүн инээлгэж, хөгжөөж байхын одонд төрсөн хүн.

Гэсэржавын ПҮРЭВДОРЖ /даруулт хөгжимчин, хөгжмийн зохиолч/.
















Авъяасын тэнгэрт од шүүрсэн хүн. Сонгодог хөгжмөөс “урваж” эстрад хөөсөн хөгжмийн зохиолч. Хачин даруухан боловч хөгжмийнхөө ард суухаар билиг танхай. Хайр дурлалын дуу, сонгодог хөгжим ч зохион. Харин эстрад гэвэл ч онгод нь сэргэнэ дээ. Одоо бол чөлөөт хөгжмийн зохиолч.
БИ ӨӨРӨӨ. Хамтлагийн идэвхитэй дэмжигч.
















Намайг тэд маань”эцэг” ч гэх нь бий. Хэдэн дуу зохиож өгнө. Өөр онцын ажилгүй. Харин МРТУХорооны зүгээс тэдэнд дэмжлэг авах зүйлд л гол нь оролцоно. “Инээмсэглэл” нэрэнд нь тохирсон дуу зохион өгөхсөн гэдэг бодлоо биелүүлж 1979 онд “Залуусын уулзалтын дуу” – гаа зохиосон маань энэ чуулгын нүүр царай болж байсанд л бахархадаг нэгэн. Чуулганыхныгаа “баньд” нар гэж дуудах дуртай. Баньд нартайгаа бид “Улс төрийн дууны уралдаанд” хэдэн жил оролцож үзүүр түрүү авч явлаа. БНАГУлсад /тэр үеийн/ зохиогддог “Улаан дуу”  наадамд баньд нартайгаа оролцож Дин Ридэд үнсүүлж ч явлаа. Хожим оюутны ургацын намраар “Намрын инээсэглэл” аян зохион байгуулж “Инээмсэглэл” – тээгээ юутан залуусын ажлын талбарт шөнө голдуу тоглож явлаа. Баньд нар тус тусынхаа ажлаа гүйцэтгээд радио дээр ажлаа тараад 6-7 цагийн үед цуглана. Шөнөжин сургууль, бичлэгээ хийж өглөө үүр хаяармагц нойрмог тэд гэрлүүгээ зүтгэнэ. Харьж хоол цайгаа идэж уугаад л эргээд тус бүрийнхээ албанд зүтгэдэг байсан олон шөнө бий. Баяр ёслолын үеэр энд тэндэхийн урилгын дуудлага болно. Ийм л хэдэн залуус “Инээмсэглэл” –ийг авч явлаа.
Эргэн санахад уран бүтээлийн онгодыг сэргээгч нь энэ хэдэн баньд л байсан хэрэг. Тийм болохоор Энхбазар “Инээмсэглэл” –ээс адис хүртсэн нэгэн. Бид үргэлж хамт гэж сэтгэлдээ одоо ч бодоод явдаг. Эргээд нэг уулзахсан, тоглохсон! Энэ бол миний туйлын хүслэн!

Рандаабазарын ЭНХБАЯР, хөгжим судлаач.

Мэдээллийг  http://tobold.blog.banjig.net/- ээс

2 comments:

Viky said...

Goooy medeelel baaina hehe ;) Tnx!

Болдоо said...

Zugeer zugeer

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!