Миний рок хөгжмийн их ертөнц 1

04 August 2013

Энэ нийтлэлчийг сайн танихгүй ч гэлээ. 3жилийн өмнө бичсэн нийтлэл нь үнэхээр таалагдсан болохоор уг эзнээс зөвшөөрөл авалгүйгээр ямартай ч блогдоо орууллаа. Хэрвээ тэгээд таалагдахгүй бол устгах хүсэлтэй уламжлана биздээ.

Миний рок хөгжмийн их ертөнц 1

Аль 40 гаруй жилийн тэртээ миний тархи руу орж эзэмдээд хамаг зайг нь эзэлчихсэн барууны рок хөгжмийг монгол дуу хуураар нэмж дүүргэх сэтгэхүйн боломж надад   байхгүй юм байна. Тийм учраас би ерөөсөө монгол эстрадын дуу сонсдоггүй.

1970-аад оны эх бол Монголд рок-поп хөгжмийн урлагийн суурь эргэлтгүй тавигдсан,  тэр нь нийгмийнхээ сэтгэхүйд айхтар нөлөөлж, үнэндээ намын үзэл суртлаас давж гарсан түүхэн зурвас үе байсан болов уу гэж би боддог юм. Тэсрэлтийн үе гээд нэрлэчихэд бараг хэтрүүлэг болохгүй. Дуу хөгжимд хил хязгаар гэж үгүй юм, тэгэх тусмаа шинээр түрэн орж буй барууны рок-поп хөгжимд манай үзэл суртал саад хийж даан ч хүчрэхгүй юм гэдгийг хар багадаа л би мэдэрч ойлгож билээ.  

1970-аад оны эхээр үсээ урт  ургуулан,  өргөн (трапец гэдэг байв) өмдөөр гангарч,  шинэ содон пянз, бичлэг цуглуулж, орцондоо гитар тоглох бол тэртээх цаг үеийн хотын банди нарын шинэхэн, нийтлэг гэмээр дүр төрх байсан болов уу. Үүнийг би тойрч гараагүй юм. Энд би бас л 40 мянгатынхан гэж явцуурах гэж байна. Үсээ урт ургуулж, өргөн өмд тавиад МУИС-ийн оюутан байхдаа МХЗЭ-ийн Хорооны даргадаа адлагдаж, Улсын баатар Нянтайсүрэн гуайд аашлуулж, хүмүүжлийн лекцэнд сууж л явлаа. Тэр үед цагдаад баригдан үсээ хайчлуулж, өмдөө хяргуулж явсан 40 мянгатын залуус бол  одоо нийгэмд тэргүүлэх байр сууринд хүрээд, улс төр-нийгмийн нэртэй зүтгэлтнүүд болцгоосон доо. Хөрөнгөтний үзэл суртал ханхалсан хэмээн дээрээс хорьдог байсан тэр дууг нь сонсоод бид муу хүн болсонгүй. Харин ч бусдаас нэг алхам өмнө алхсан гэж омог бардам хэлэх бүрэн эрхтэй. Бидэнд үзүүлсэн нөлөө, суулгасан амьдралын ухаан, ертөнцийг харах нүд гээд ярьж эхэлбэл энд өгүүлж баршгүй ээ. Рок хөгжим бол нийгмийг урагшлуулах нэгээхэн чухал локомотив байсан юм болов уу. Бид хүн төрөлхтөний хөгжлийн локомотивоос зүүгдээд хөгжил дэвшлээ эрүүл нүдээр бодитой харахад рок хөгжим  тусалсан гэж би боддог оо. Бодохоор ч барахгүй батлана чиг.  

Анх миний хувьд барууны рок хөгжмийг нүдээр үзэж биетээр мэдэрсэн нь гэвэл, Трубадур хэмээх  (Troubadour) польшийн рок хамтлаг, тэд Залуучуудын ордонг (одоогийн Драмын театр) нураах шахтлаа дуулж бүжиглээд, нүдийг минь гэнэт нээж бишрүүлж билээ. Тэгж байтал "Соёл-Эрдэнэ" төрж бидний үеийнхний дууч болсон доо. “Соёл-Эрдэнэ”-ийн өмнөхөн МРТУХ-ны дэргэд "Баянмонгол" хэмээх дагшаа хөгжмийн хамтлаг байгуулагдаад манаргаж байв. Тэр нь радио, телевизээр жааз, дагшаа хөгжмийн урлагийг сурталчилж эхлэв. Драмын театр дахь Залуучуудын ордонд Баатарсүх гэж нэг лут гитарчин залуу, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дэргэд Зуундарь ахлагчтай бас нэг рок хамтлаг гараад ирэв. Гутлын үйлдвэрийн дэргэд нэг хамтлаг бий болоод фенүүдийнх нь дотор би ч бас орж явлаа. 
        
Барууны сонгодог рок руу сэтгэл татагдахад минь манай гэрийн "Комета" хэмээх хоёр дамарт магнитофон их үүрэг гүйцэтгэсэн дээ. Түүнийхээ хүндийг үл хайхран үүрсээр, өргөсөөр явж айлуудаас дуу бичнээ. Миний үеэл эгч Чимгээ, үеэл ах Долгион маань Орос 3-р сургуульд сурдаг, тэд маш их бололцоотой, мөн ч их пянз цуглуулна, би алдалгүй хуулж авна. Тэр хоёрын найз нар гэж соёлын үрийг тарих анхны шанг татагсад. Аав маань Югослав, Болгарт, ээж маань Унгарт албан ажлаар яваад ирэхдээ бас ганц нэг пянз, бичлэг авчирч өгч байсан. Манай ангийн найз нар мөн пянзны хоббитой, яаж ийгээд л шинэ дуу олоод ирнэ. Манай Д.Болдбаатарын ойрын садангийн Дамдинжав гэдэг ах нь Польшид Элчин сайд, тэдний хөвгүүд гэж бидний үеийн Батнасан, Батсайхан нар биднийг пянз төдийгүй барууны тухай мэдээлэл, зураг хөргөөр бишгүй нэг хангасан даа. Манай ангийн Д.Дангаасүрэнгийн ах Галаазагираа гэж биднээс хоёр дээр ангийн нөхөр Унгарт дээд сургуульд явчихаад тэндээс мөн ч олон пянз бидэнд зөөж унгарын алдарт рок урлагийг Монголд сурталчилж байв. Манай зэргэлдээ 40 мянгатын арктай байранд аж төрдөг зохиолч Ч.Лодойдамба гуайн охид,  хүү Л.Галбардах нь хойноос пянзыг ч зөөх шиг болсон, за тэгээд манай Бат-Үүл гэж пянзны том магнат, 40 мянгат хавьдаа алдартай. Тэдний садангийн нэг хүн Германд сууж байсан (Цэрэнжав гэдэг хүн, охин нь хожим Да.Ганболдын эхнэр болсон) гээд пянз нэлээдийг авчирдаг байв. МУИС-д элссэний дараа манай ангид Д.Уртнасан гэж найз маань надтай пянз дуугаар нөхөрлөв. Түүний аав нь "ганган" Дондог гэж манай ГХЯ-ны гараашт жолооч. 1960-аад онд Нью Йоркт томилолтоор ажиллаж байгаад ирсэн тул Уртаагийнд маань хамгийн сайн пянзнууд байсан юм.  Энэ мэт эцэг эх нь, эсвэл садан төрөл нь гадаадад суудаг найз нар маань пянз бичлэгээр гэгээ цохиулж бидний хоббиг үлэмж хөдөлгөж байж билээ.   

Эргэн тойрон бүгд л хошуурч байсан тул би юу гэж хоцрохов. Энэ бүхнийг "Комета" хэмээх хоёр дамарт магнитофондоо шингээж би ч бас шилдэг бичлэгийн цуглуулгатай болж авлаа. Аав маань кино үйлдвэрээс хуучин хальс авчраад дамрыг нь дүүргээд өгчихнө, тэгээд бичээд байх нь тэр дээ. Дуугийг нь сонсож бишрэх тусмаа зураг хөргийг нь цуглуулна, хорхойсно, холбогдох мэдээллийг "Кругозор", "Ровесник" сэтгүүлээс уншина. Өөр хоорондоо ярилцана. Би энд 40 мянгатынхныгаа л яриад байна.  

Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй ээ. Тэрээр “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол гитарчин Д.Галсанбаттай багын найз, Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын бараг толгой нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэнэ. Долгион маань 1972 онд ЦЕДС-д  элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр "Rolling Stones"-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшруулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь энэ болов уу. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд "Инээмсэглэл" хамтлагийг Долгион л санаачилсан. Олон сайхан дууны ая, үг зохиосон. Нөлөө нь надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа. Чимгээ эгчийн маань ээж (алдарт эмч Ч.Долгор) гадаадаас пянз авчирна. Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировка хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусийн "Пeсняры" хамтлагийн дуу надаар дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион "Соёл-Эрдэнэ"-ийн "Хүүш Дамдин" дуунд зориулж  аяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна. Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрөөгөө мөн байх гэж боддог юм. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм.
 
Амьд хөгжмийн домог болсон Ливерпулийн дөрвөл намайг анхлан 1968-1969 оны үед ховсодсон болов уу. Домогт "Битлз"-ийн хөшөөг Улаанбаатарын унаган иргэдийн нутаг болох 40 мянгатад сүндэрлүүлсэн хөшөөний нээлтэд байж чадаагүйдээ харамсдаг. Хөшөөний нээлтэд “Битлз”-ийн дууг  сонсч, ухаарч, бас доргиж явсан 1960-1980-аад оны “Дөчин мянгатынхан”  бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларахад би Каирт байж таарсан юм. Би бол сурч, мэдэхийн төлөө тэмүүлдэг ид насандаа “Битлз”-ийн дууг сонсож,  хаалттай нийгмийн үед гадаад ертөнцтэй тэр дуугаар нь холбогдсон хүн л дээ. Үнэндээ “Битлз”-ийн дуу бол хөрөнгөтөн нийгмийн суртал ухуулга огтоос байгаагүй юм. Хайр сэтгэл, хүний амьдралыг л магтан дуулдаг, тэгэхдээ аяс ритм нь цаанаа л нэг увдистай гэх үү дээ. Англи хэлний ашиг тусыг хаалттай тэр үеийн нийгэмд "The Beatles" л бидэнд мэдрүүлсэн. "The Beatles"-ээр дамжуулан дэлхийн тэр том, чухал хэлийг сурч болох юм байна, хялбар ч юм байна гэдгийг би л лав ойлгож байсан, тэр хэрээрээ англи дуугаар хүү, охиноо шахсаар байж хэлний дөртэй болгосон хүн дээ. 

Яг намайг ховсодсон тэр үед болов уу, Монголд "The Beatles", "The Rolling Stones", "The Bee Gees" гурав зэрэг нэвтэрсэн юм. Аль нь түрүүлснийг, чухам хэн хаанаас оруулж ирснийг яг нэрлэж чадашгүй. Тэгэхдээ би баттай хэлж чадах ганц үнэн бол манай дипломатчдын хүүхдүүд соёлын үрийг анхлан тарьсан юм даа. Тэр үед чихнээ орж хоногшоод одоо хүртэл чихнээс минь гардаггүй A Day in the Life,  I Wanna Hold Your Hand, I Me Mine, Across the Universe, Hey Jude, Hello Goodbye, Don"t let me down, Let it be, While My Guitar Gently Weeps, Here comes the sun, Lovely Rita,  I"ve Got a Feeling,  Ticket to Ride, Lucy in the Sky with Diamonds гээд өөрийнхөө андахгүй олон дууг нэрлэж болж байна. 

"Rooftop Concert – 1969" гэж дээвэр дээр тоглосон концертыг би анх  Зуундариас олж сонсож, зурагнуудыг нь ээжийнхээ аппаратаар татаж нийтэд түгээж явлаа. Please Please Me (1963), With The Beatles (1963), A Hard Day"s Night (1964), Beatles for Sale (1964), Help! (1965), Rubber Soul (1965),   Revolver (1966),  Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band (1967),  The Beatles (The White Album; 1968),  Yellow Submarine (1969),  Abbey Road (1969),  Let It Be (1970) гээд бүх  цомог (пянзны альбом) нь миний хүрээллийнхэнд байсан. Тэдгээрийн бүгдийнх нь хавтасны нүүрийг би гэрэл зураг болгож цуглуулсан юм. Тэр ч бүү хэл Sergeant Pepper"s-ийн хавтасны зурагнаас сэдэвлээд “Битлз”-ийнхний торгон цэргийн хувцастай зурагнуудыг усан будгаар өнгө ялган, фантазлан зураад бусдад ч бэлэглэж байв. 

Тэр үеэс намайг ховсдож, 40 гаруй жил чихэнд минь хоногшоод байнга сонссоор ирсэн, заримыг нь өглөө сэрмэгцээ шинэ өглөөтэй хамт сонсож хэвшсэн дуу ч гэж надад байдаг юм. Хүний амьдрал үргэлж баяр баясалтай байдаггүй, заримдаа хямрах, гуниглах үе бий, зүрх өвдөх, толгой өвдөх, даралт ихсэх тохиолдолд би The Beatles-ээ л сонсож тайтгарна, өвчнөө анагаана даа. “Битлз”-ийн дуу сонсмогц өвчин нь илааршдаг гэхлээр уншигчдад сонин санагдах байх л даа. While My Guitar Gently Weeps, Here comes the sun, Lovely Rita, Hello Goodbye, Let it be, Golden Slumbers-Carry That Weight-The End зэрэг дуу наддаа бол оргил нь гэмээр, уншигчиддаа харьцуулалт хийлгэх үүднээс нэрлэчихье. Сүүлчийн тэр дуунд: 

-    Once there was a way to get back homeward. Once there was a way to get back home. Sleep, pretty darling, not cry And I will sing a lullaby. Golden slumbers fill your eyes; smilles awake you when you rise. Boy you"re gonna carry that weight, carry that weight for a long time гэж ирээд л том оркестртой дуулсан, аяс, соло, бөмбөр, төгөлдөр хуурын гоцлол, Paul McCartney-н хагас сөөнгө, тод хоолойтой хослоод ёстой даан ч давтагдашгүй ээ. 

Жорж Харрисоны 1968 онд зохиосноос өнөөг хүртэл дуулагдаж байгаа:
-    I look at you all see the love there that"s sleeping. While my guitar gently weeps. I look at the floor and I see it need sweeping. Still my guitar gently weeps гээд л ая нь зүрх зүсүүлсэн дууг жишээлээд үз.

Here comes the sun дууны: 

-    Here comes the sun, do do do do. Here comes the sun, and I say. It"s all right. Little darling. It"s been a long cold lonely winter. Little darling. It feels like years since it"s been here – гээд мөрүүд одоо хүртэл чихэнд минь орж хоногшчихоод хэзээ ч мартагддаггүй юм.

Би  Let it be-г гитар дээр тоглоод дуулчихдаг байсан юм. Энд сонирхуулж 2004 оны шинэхэн баримт дэлгэе. Малайзын Ерөнхий сайдын дэргэдэх Дипломатын ба гадаад харилцааны институтэд “Олон улсын стратегийн дүн шинжилгээ“сэдвээр нэг сар суралцах боломж надад оногдоод, 18 улсын 19 иргэн нэг групп болж Куала Лумпурт байх үед юмдаг, группынхаа сүлд дууллыг зохиоё гээд байхлаар нь би "Бидэнд нийтлэг дуу нэг л байна" гэсээр байгаад Let it be-г санал болгож, эцэст нь бүгдээрээ зөвшөөрч, хаалтын ёслол дээрээ хоороор дуулцгааж билээ. Тэгэхэд ливи, сири, афганистан, бруней зэрэг хэт лалжсан орны иргэдээр тэр дууг дуулуулж бүр уяруулж чадсан юм даа. 

-    When I find myself in times of trouble. Mother Mary comes to me. Speaking words of wisdom. Let it be. And in my hour of darkness. She is standing right it front of me. Speaking words of wisdom. Let it be … гээд бүр цээжлүүлчихсэн шүү.
 
Индонезийн лал, балбын хиндү, мальдивын лалын шашинт, тэр ч бүү хэл Мьянмарын цэргийн хатуу дэглэмтэй орны түшмэл хүртэл бүгд л миний ятгалгад автчихаад уярсан юмдаг. Let it be даян дэлхийгээр нэг тарсан юм байна гэдгийг тэгэхэд би ёстой нэг мэдрэх шиг болсон доо. Лалын тулгуурт үзэлтнүүдээр, лалын Малайзд Let it be-г дуулуулж байгаа хэрэг шүү дээ. Тэдний өссөн төрсөн орчин, хүмүүжил гэж шал ондоо байж таарнаа даа. Дууны ид шидэнд байв уу, миний овсгоотойнх уу, бүү мэд, ямар ч гэсэн хоёр талаасаа хосолсон юм. 

“Битлз”-ээр ид өвчилж дэгдэж дэвэрч явах насанд минь тэд маань гэнэт салцгааж, хамтлаг нь тарж, сэтгэл гэгэлзүүлсэн, гуниг тээсэн явдал болдог юм байна. Жорж Харрисоны My sweet lord гээд хит дуу бий дээ.
 
-    My sweet Lord. Mm my Lord. Mm my Lord. I really want to see you. I really want to be with you. I really want to see you Lord. But it takes so long my Lord. My sweet Lord. Mm my Lord. Mm my Lord. I really want to know you. I really want to go with you. I really want to show you Lord. That it won"t take long my Lord. 

Энэ дуу, дууны үг, соло гоцлол нь тэр гуниг тээсэн явдлыг яг  нүднээ буутал харуулсан тул сонсох бүртээ л самсаа шархирах шиг болдог байлаа. Манай үеийнхэн My sweet lord-ыг гаргуун гитардаж дуулдаг байсан даа. Бүр сүүлд 2006 онд Billy Preston гоцлон дуулаад, Eric Clapton, Dhani Harrison (хүү нь) нар гоцлон гитардаад, Ringo Starr, Paul McCartney нар оролцоод, алдарт Phill Collins бөмбөр цохиод Харрисоны дурсгалд зориулж My sweet lord-ыг хоортой (30 гаруй хөгжимчин оролцсон том симфони оркестр) дуулсныг сонсмогц зүрх зүсэгдэх шиг болдог юм. Тэр их гунигийг Харрисоны I Got My Mind Set On You, You, What is Life  дуу нь цайруулах шиг болдогсон. Great single (1975) гэгддэг You гэдэг дуу одоо ч намайг эзэмдсээр байна. Тодорхой үггүй атлаа аяс нь цаанаа л нэг хоржоонтой, ялангуяа саксофоны гоцлол нь. Дөрөвхөн минутын тэр дуу энэ ертөнцийг тэр чигээр нь багтаачихсан ч юм шиг, маш их юм бодогдуулна даа. Жон Ленноны Jealous Guy, Woman, Imagine, Give Peace A Chance байна. Уянгын рокийн оргил болсон, бас л сэтгэл гэгэлзүүлэх талдаа дуунууд. Хэзээ ч уйдмааргүй. “Битлз”тарсны дараахи тэр дуунуудын талаар манай Бат-Үүл их мэргэжсэн, их ч цуглуулдаг, би тэднийд их сонсдогсон. Тэрээр энэ талаар бүхэл бүтэн лекц уншчих байх шүү. 

"The Rolling Stones" гэж ая дуу нь эвлэг бус, хаашаа ч юм, анхандаа чихэнд сонсголонгүй юм шиг санагдаж байснаа мөдхөн намайг ховсодсон доо. Бас л Бат-Үүлээс надад халдварласан. As Tears Go By, Get off of my cloud, Brown Sugar, Under My Thumb, I Can"t Get No Satisfaction, Wild Horses, Gimme Shelter, Let It Bleed, Start Me Up зэрэг дуунууд нь анх Монголд нэвтэрсэн болов уу. As Tears Go By бол уянгалаг, бас гүн агуулга бүхий дуу шиг санагддаг.
-       It is the evening of the day
            I sit and watch the children play.
            Smiling faces I can see, but not for me
            I sit and watch as tears go by гээд гуравхан бадаг, 
            би одоо ч сонсож, дагаж дуулдаг юм.  
 
Dead Flowers хэмээх дуу нь надад гойд таалагддаг. Бид сонсож сонсож "уужим дуу" гэж нэр өгч байж билээ. Тэгэхдээ "The Beatles", "The Rolling Stones"-ийн дууг  нэр дор бүү хэл, нэг өдөр сонсож болдоггүй, үнэхээр стиль ритм нь нэг л харш юм шиг санагддаг байсан чигээрээ надад өнөө хүрчээ. Харин тэд дараа нь нийлээд дуулаад болоод байсныг (John Lennon, Keith Richards, Eric Clapton, Mitch Mitchel нарын тоглосон гэх мэт) би ойлгохгүй, хүлээн авахгүй чигээрээ л явна даа. Drift Away гэж хамтарч дуулсан нэг зүгээр дуу бий. Гэхдээ стиль нь "The Rolling Stones"-ынх. Ер нь тэр хамтлагийг чимдэг хоёр зүйл байдаг гэж би боддог. Бөмбөрийн тэр хүчтэй цоглог, тасралтгүй цохилт аргил гитартайгаа хослоод, Mick Jagger-ийн этгээд, тод тэгсэн мөртлөө сөөнгө тэр хоолой, жишээ болгоод  Its Only Rock and Roll (But I Like It) гэдэг дууг нь сонсоод үзээрэй. 

"The Bee Gees"-ийн талаархи миний сэтгэгдэл бол дуунууд нь мөн л сэтгэл гэгэлзүүлсэн, гуниг тээсэн аястай. Тэртээ 1960-аад оны эхээр амных нь салиа арилаагүй арван хэдтэй банди нар (ах дүү гурав-Robin, Maurice, Barry Gibb) синфони-рок оркестртой тийм хүнд дуунуудыг, тийм дууны стилийг гаргаад ирсэнд нь би үнэхээр гайхдаг юм. I Can"t See Nobody, To Love Somebody, World, Word, I Started a Joke,  Times Passing  By, Massachusetts, First of May дуунууд анхлан Монголд  нэвтэрсэн шиг санагддаг. 

World-ыг сонсох бүрт л дотор огших шиг болоод явчихдаг, их л гүн ухаанлаг дуу даа.
-    Now, I found, that the world is round 
      And of course it rains every day. – гээд л хийлийн гоцлол ороод ирмэгц нь хамаг  
сэтгэл зүрх чинь болохоо болих вий
First of May гэж намайг үнэхээр донтуулсан сонсоод хэзээ ч уйдашгүй нэг дуу бий, үнэхээр хит, би 40 жил дагаж дуулж байна. Бүр сүүлд You Win Again дуу нь нэвтэрсэн байх, бараг надаас өөр хүнд байсан уу, мэдэхгүй. "The Beatles"-ийн A Day in the Life дууг "The Bee Gees"-ийнхэн дуулсныг Та олж сонссон уу? Бас л хит шүү дээ. "The Bee Gees"-ийг би суу билэгт хамтлаг гэж ямагт үзсээр байх болно.
Үргэлжлэл бий
Би: Миний амьдралын тойрог, НЭПКО,  2009 номынх нь 96-104-р хуудаснаас 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!