Миний рок хөгжмийн их ертөнц 2

04 August 2013

Сонсдог биширдэг бүх дуугаа энд жагсаах утгагүйгээс гадна бүгдийг нь ч би энд тайлбарлах шаардлагагүй. Орчин цагийн хөгжмийн өндөр боловсролтой,  өөртөө хөгжмийн гэх ертөнцтэй, үнэлэмжтэй хүн л уншиж, ойлгож байгаа болов уу гэж дахинтаа өчсү! 


1970-аад оны эх бол Монголд рок-поп хөгжмийн урлагийн суурь эргэлтгүй тавигдсан тухай үргэлжлэл. Тэр үед эстрад урлаг хэмээн эерүүлэн нэрлэж байв. Би ч гэсэн "Рок-Поп" л гэж энд ерөнхийлөн бичсэнээс бус Country Rock, Hard Rock, Hot Rock, Вlues, Pop, Pop Rock, Psychedelic Pop, Psychedelic Rock, Pub Rock, Soft Rock, Rockballads, Ballads, Surf Rock, Folk Ballad, Heavy Metal, Punk Rock, Disco, тэр ч бүү хэл Еrotic Lyrics, эдгээрийн  алинд нь ч тооцогдохгүй гээд олон төрөл байдаг. Psychedelic гэхэд л шууд хөрвүүлэхэд түвэгтэй. 

Миний хувьд "The Beach Boys" хэмээх хамтлаг бол олж сонссон барууны 4 дэх нь ("The Beatles", "The Rolling Stones", "The Bee Gees" – эхний гурав нь) байсан болов уу. 1971 оны зун Долгионоос би бичиж авсан. Одоо хүртэл би Surfin" USA, Barbara Ann, Sloop John B дуунуудыг нь сонссоор л явна. Sloop John B гэж америкийн ардын урлаг гээд нэрлэчихээд супер дуу бий. Дуунд нь уяраад сүлдээ Beach Boys-ыг бүр фантазлаад зураад тавьчихаж билээ. Миний хувьд 5 дахь халдвар нь Чимгээ эгчээсээ бичиж авч, бусдад түгээсэн америкийн "The Creedence Clearwater Revival" хамлагийн Who"ll stop the Rain, Have You Ever Seen The Rain гэдэг хоёр дуу байна. Одоо ч аянд нь уярч явна.  Төд дэх нь гэж заавал цааш бичих утгагүй байх. "The Animals"- ын House of the Rising Sun хэмээх 1964 оны дуу бий. 1970-аад оны эхээр манайд нэвтэрч олон ч залуус гитардаж дуулдаг, бүр хит болчихсон дуу байлаа. Лав надад англиар ч тогтохгүй болгар, унгар, польш, герман гээд олон хэл дээр бичлэг нь байсан санагдана. Манай 10-ын "Б"-гийн Т.Батсайханы эгч нь гэртээ төгөлдөр хуураар House of the Rising Sun дууг тоглох гэж ёстой үзүүлж өгдөгсөн. Нидерландын “Shocking Blue” хамтлагийн Venus хэмээх дуу ч бидний үеийнхний хит болж байлаа. Одоо эргээд санаж байхад Э.Бат-Үүл бид хоёр холиож байжээ. 1-р сургуулийнхаа узелээр Shocking Blue хамтлагийн дууг дуулж байж багш нартаа загнуулж хөөгдөж гараад л. Өглөөний гимнастикийн үеэр узел  ажиллаж байхад нь бид хоёр очиж үймүүлж байсан хэрэг.

Jane Birkin & Serge Gainsbourg нарын хослон дуулсан Je T"aime... Moi Non Plus гэх дурлалын (erotic lyrics) франц дуу 1970-аад оны эхээр Монголд нэвтрэхэд анхлан сонсож шүтэж цааш нь түгээж явсан хүний нэг нь би байна. Фантомас кинотойгоо хамт тэр дуу Монголын нийгэмд оюуны хүчтэй нөлөө үзүүлсэн байх. Тэр дууг би одоо хүртэл сонсдог. Яагаад ч юм хүүхэд насаа, 40 мянгатаа дурсан санах, алжаал тайлахад  надад хань болдог юм. 

Манай ангид Ц.Баттөмөр найз маань Москвагаас шилжиж ирэхдээ баахан пянз, бичлэгтэй ирж биднийгээ гийгүүлж билээ. "The Eagles"-ийн алдарт Hotel California-г би тэднийд анх олж сонсоод нэг хэсэг донтож явлаа. Peaceful Easy Feeling, Lying eyes,  Take It Easy гээд дуунууд нь одоо ч бас хит хэвээрээ надад. "Deep purple" хэмээх хүнд рок хамтлагийг Монголд манай Баттөмөр нэвтрүүлсэн байх. Child in time хэмээх цомог нь рокийн урлагт тэсрэлт гаргаж, бүр дараагийн XXI зууны хамтлаг төрлөө гэж шуугиж байсныг бөглүүд социалист Монголд хамгийн түрүүн олж сонссон хүний нэг нь би   байна.

-    Sweet child in time, you"ll see the line
Line that"s drawn between good and bad
See the blind man shooting at the world
Bullets flying, ooh taking toll
If you"ve been bad - Oh Lord I bet you have
And you"ve not been hit oh by flying lead
You"d better close your eyes, aahaouho bow your head

Wait for the ricochet гэсэн хэдхэн мөртэй хэрнээ бүр 10 минут үргэлжлэнэ гээч.
Child in time хэмээх энэ дууных нь тэр хүнд, урт тоглолтыг тархиа манартал чихээ дөжиртөл сонсож явсан даа.

Зөвхөн англо-саксуудаас гадна Скандинавт рок байдаг гэдгийг анх Чимгээ эгч маань Монголд түгээсэн болов уу. Ээж нь Стокгольмд дэлхийн энх тайвны хуралд оролцоод ирэхдээ нэгэн рок хамтлагийн пянз авчирч би бас хуулж аваад тарааж байж билээ.  Тэр хамтлагийн дууг би 1960-аад оны сүүлээр олж сонссон байх. Түүнээс хойш мэдээж мартагдаж, хугацаа их өнгөрсөн ч би одоо хүртэл ая ба дахилтыг нь сайн санаж хааяа хааяа дотроо аялдаг юм. Харин интернетээс хайгаад олдоггүй, нэг тиймхэн байна. 

"Air Supply" хэмээх хоёрол (хоёр хүний хамтлаг) бий. Making Love Out of Nothing At All, Without You хэмээх хоёр дуу 1970-аад онд Монголд нэвтэрсэн. Ялангуяа Without You нь дагаж дуулахад амархан, уянгын дуу бий.

I can"t live, If living is without you, Can"t give, I can"t give any more гэж ирээд л бид гитардаад дуулж байдагсан.

I can"t live гээд өргөлт авмагц нь дотор огшоод л явчихдагсан. Бас л Баттөмөрөөр дамжиж манайд нэвтэрсэн дуу байх. "Pink Floyd" хамтлагийн Time байна. Мөн л тэр үед биднийг эзэмдсэн. Demis Roussos-ын Good bye my love good bye хэмээх дууг бас тэр үед хамаатуулж болох байх. "The Sweet" хамтлагийн Funny Funny, Co Co хэмээх дуунууд мөн тэр үед бидний хит болж би дагаж дуулж уярч баясан явсан санагдана.

Миний оюутан цагт BONEY M гэж дөрвөлийн дуу манайд нэвтэрсэн, оюутны бүжиг тэдний дуугаар л их амилдаг байсан цаг даа. Манай Ж.Баясах, Да.Ганболд, манай ангийн Б.Батжав, Н.Чимгээ, зохиолч Ж.Барамсай бид хэд 1979 онд Тэрэлжийн амралтын бүжгийн заалыг BONEY M-ийн Rasputin, Belfast гэдэг хоёр дуугаар нураах шахтлаа, тэр хавийнхны нүд орой дээрээ гартал нь бүжиглэж байж билээ. Сониноос 1977 оны зун Хэнтийн Биндэрт оюутны барилгын отрядаар явж байхдаа "Abba"-гийн Mamma Mia-г (On and On and On, People Need Love гэх мэт хэд хэдэн дуу) анх олж сонсож байв. Чехэд сурдаг тэр нутгийн залуус зуны амралтаараа авчраад хөдөөгийн тэр аглаг талд соёлын үрийг тарьж байхтай таарсан минь тэр юмсанж. Donna Summer хэмээх алдарт дуучны хөнгөн рокийг (Soft Rock) би анх Тэрэлжийн амралт дээр олж сонсоод түүнээс хойш  Try Me I Know We Can Make It  дууг нь лав 30 жил сонсож одоо болтол уйдаагүй л явна.

1970-аад онд маш эрчтэй, хурдан түгэж тархсан "Smokie" хамтлагт манайхан хэн хүнгүй  л ам сайтай байдаг. Аяс, ритм нь чихэнд сонсголонтой, хэн ч дагаад аялаад байх, гитардаж тоглож болохоор хөнгөн рок дуунууд нь одоо ч Монголд цаг үеэ алдаагүй байгаа. Living next door to Alice, If You Think You Know How To Love Me, Lay Back in the Arms of Someone, Needles and Pins, Stumblin in гээд тэр үед өргөн тархсан дуунууд бий.

1980-аад оны эхээр цэргийн хүнд хүчир алба, 1982 оны зуны өмнөд хил шалгах хөдөө  томилолтын ажлын ид үед чухам л классик рок дуунууд надад хань болж явсаан. ВЭФ хэмээх орос транзистороор дэвэн дэлхийн FM-үүдийг би мөн ч их барьж авч сонссон доо. Тэр үед FМ гэх ойлголт монголчуудад түгээгээгүй байсан. Хээрийн сургуульд явж байгаад айхтар ханиад авчихаад 1982 оны эхээр Цэргийн төв госпитальд хэвтэж байхдаа Kenny Rogers & Sheena Easton нарын хоршиж дуулсан We"ve Got Tonight дууг FМ-ээс  олж сонсоод өвчин маань илаарших шиг болж түүнээс хойш энэ дуунд 28 жил уярч явна. Ronan Keating & Janette нарын дуулсан нь ч миний цуглуулгад буй хит дууны нэгд зүй ёсоор орно.
Италийн Сан-Ремо хотод болдог эстрадын дууны фестивалийг Орбитын нэвтрүүлгээр 1980-аад оны эхнээс нэвтрүүлдэг болсноор Монголын хаалттай нийгмийн сэтгэхүйд сүрхий ирж туссан гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Тэр үед би итали рок руу бас татагдаж түүнээс хойш өнөөг хүртэл өөрийн сонсдог хит хэдэн дуутайгаа үлджээ. Минийхээр бол (наддаа шүү дээ) Umberto Tozzi  гэж аугаа дуучин бий. Tu, Gloria, Ti Amo гэдэг гурван дуу бол оргил нь юм шиг санагддаг. "Ricchi e Poveri" хамтлагийн  Mamma Maria, Ciao Italy, Ciao amore,  Acapulco, Voulez Vous Danser гээд хөнгөн аятай сайхан дуунууд манайд өргөн тархсан даа. Toto Cutugno-гийн Solo Noi бол бас л хит баймаар классик рок төрлийн дуундаа орно.

1984 онд Бээжин дэх ЭСЯ-нд томилолтоор очоод рок урлагийн мэдлэг, цуглуулгаа гайгүй арвижуулжээ би. Элчин сайдын хүү Ш.Тэгшбаяр, III нарийн бичгийн даргын хүү Н.Мөнхбат, цэргийн атташегийн охин Б.Нямжин нар орос сургуулиасаа дууны элдэв бичлэг олж ирнэ. Тэр нь айлуудаар тарна. Надтай хамт ажиллаж асан Т.Болд гэж лут гитарчин, манай 1-р сургуулийн дээд ангийн, сэтгэлийн хөөрөлтэй тэр нөхөр дуунд нугасгүй. Д.Наран маань ч подхийсэн бичлэгтэй. Бид гурав нэг албанд зүтгэдэг. Чөлөөт цагаа хөгжимд хайрлана гэж байхгүй. Гурвуулаа нижгээд магнитофон худалдаад авчихсан. Ингээд л миний онгод хөглөгдөж, цуглуулга нэмэгдэх нь тэр. "Pink Floyd", түүний гоцлол дуучин баргил гитарчин Roger Waters-ын дуунууд тэр үеийн Бээжингийн уйтгарт амьдралыг маань мөн ч их зөөллөж өгсөн байх. Анх 1970-аад оны эхээр Time, Us And Them гэх ганц нэг дууг нь олж сонсоод донтох төдий өнгөрсөн бол Бээжинд байхдаа Pink Floyd-ын талаар би сүүлдээ мэргэжих дөхсөн шүү. Ялангуяа Pink Floyd-ыг онцгой өвөрмөц, их гүн ухаанлаг, маш хүнд тоглолттой гэж баттай үзэх болсон юм. Үүх түүхийг нь хэнтэй ч ярьж хуваалцахаас би буцахгүй.

Roger Waters-ын аав Eric Fletcher Waters нь Дэлхийн II дайнд яваад Нормандад 1944 онд алагдчихсан, түүнийхээ дурсгалд зориулж The Final Cut хэмээх гайхамшигт (надад бол аугаа) цомгийг 1983 онд бүтээжээ. Жилийн дараа би олоод сонсчихсон нь тэр байж. The Post War Dream, Your Possible Past, One of the Few, When the Tigers Broke Free, The Hero"s Return, The Gunners Dream, Paranoid eyes, Get Your Filthy Hands off My Desert, The Fletcher memorial home, Southampton Dock, The Final Cut, Not now John, Two Suns in the Sunset гээд цуврал 13 дуу тэнд нь ордог. The Post War Dream дуунд нь:

-    Should we shout, should we scream? What happened to the post war dream? Oh Maggie, Maggie what have we done - уушиг зүрх огшуулсан өргөлтөөс эхлээд

When the Tigers Broke Free дууны:

-    It was dark all round; there was frost on the ground.When the tigers broke free. And no one survive. From the Royal Fusiliers, company "C". There were all left behind. Most of them dead, the rest of them dying. And that"s how the high command. Took my Daddy from me – сүүлийн өргөлттэй бадгийг сонсоод

"Аавыг минь надаас аваад явчихлаа" гэмэгц нь нулимс цийлэгдээд ирэх шиг, эцгээ дайнд алдсан бяцхан хүүгийн зовинолыг даан ч тэгж гаргах гэж дээ гэмээр, аугаа аугаа гэхэд дэндүү аугаа гайхамшиг тэр дуунд буй.

The Gunners Dream дуунд:
-    And hold on to the dream гэж дахилт аваад саксофоны гоцлол залгаад, Night after night. Going round and round my brain. His dream is driving me insane – гээд гурван мөр өндөр өндөрсөөд явчихад л хамар шархираад ирдэгсэн.

The Final Cut дууны дахилтын хэсэг байна:
-    There"s a kid who had a big hallucination. Making love to girls in magazines. He wonders if you"re sleeping with your new found faith. Could anybody love him? Or is it just a crazy dream? – гээд өндөрсдөг хэсэг, тэгээд симфони ая залгаад,Would you send me packing? Or would you take me home?

Гээд д дахиж өндөрсөөд соло гитарийн гоцлол ороод ирмэгц хамаг уушиг зүрх амаар гараад ирэх шиг болдогдсон. Get Your Filthy Hands off My Desert гэдэг дуунд "Брежнев Афганистаныг эзэлчихлээ" (Brezhnev took Afghanistan. Begin took Beirut. Galtieri took the Union Jack гэх мэт) гээд л эхэлдэгсэн. Харьцуулалт хийгээд үзээрэй. Эдгээр дууг сонсоод уйдна гэж байхгүй, сонсож сонсож дуусмагц нэг л гунигтай болчихдогсон. Биширсэндээ ингэж бичиж байгаа ч энэ маань рок хөгжмийн өндөр боловсролтой, өөрийн гэх хөгжмийн ертөнцтэй гэгээлэг хүнд зориулагдаж байгааг уншигч Та болгооно уу. Хожим би Лондонд Imperial War Museum (Эзэнт гүрний дайны музей) үзэж явахдаа The Final Cut тоглолтын аугаа сууг түүхэн жишээн дээр өөрийн эрхгүй мэдрэх шиг болсон юм.

"ELO" (Electric Light Orchestra) хэмээх хамтлагийн дуунууд тэр үед Бээжинд нэвтэрч байсны дээжийг нь шахуу би олж авч сонсож байлаа. Hold on Tight, I Cant Get It Out оf My Head, Telephone Line, Don"t Walk Away, Ticket To The Moon, Rain is falling, 21st Century Man, The Lights Go Down гээд тэр үед намайг эзэмдэж явсан дуунуудыг өнөө  хүртэл би сонсож байна.

Миний дүү Одхүү Германд суралцах болсноор манай гэр бүлийн пянз, бичлэгийн сан хөмрөг арвижиж өгсөн дөө. Одхүү маань Германаас лут стерео хөгжимтэй ирэхдээ "Fleetwood Mac" хамтлагийн Go Your Own Way, Gypsy, Everywhere; Rod Stewart-ын Have I Told You Lately, Forever Young, Some Guys Have All the Luck, Have You Ever Seen the Rain, Rhythm of My Heart, Lost in you гээд олон сайхан дууг нь авчирч, биднийгээ гийгүүлж  билээ. Хожим санаад байх нээ R.Stewart-ын It’s A Heartache гэдэг дуу манайд 1970-аад онд нэвтэрчихээд манай залуус гитардаж дуулж байсан юм билээ.  

"The Righteous Brothers" хамтлагийн дуулсан Unchained Melody: Oh my love my darling гэдэг хайрын алдарт хит дууг би тэр үед олж авлаа. Тэр дууны ая мэдээж дийлдэшгүй (давтагдашгүй), харин үг гэж нэг их лут биш, гэхдээ нүднээ буутал уяруулахаар.
-    Oh, my love my darling, I"ve hungered for your touch, А long lonely time, Аnd time goes by so slowly, Аnd time can do so much, Аre you still mine? I need your love, I need your love, God speed your love to me гээд л.
Ялангуяа still mine, to me, of the sea, wait for me гэдэг дээр өргөлт авах бүрт зүрх зүсэгдэх шиг болоод л. Elvis Presley, LeAnn Rimes, Robson Green, Sarah Mclachlan, Ryan Marissa, Gareth Gates, Philippe Laumont, The Essential Heart, Ricky Lee, Steve Alaimo гээд энэ дууг ер нь хичнээн ч олон дуучин хамтлаг, ямар ч олон хэлээр дуулсан юм бүү мэд. Баруунд хамгийн их дуулагдсан дуу гэж би бодоод байдаг юм. Ер нь хэзээ ч гандан бууршгүй мөнхөд дуулагдах биз.

Би өөрөө 1987 онд Унгарт 14 хоног айлчлаад ирэхдээ ганзага хоосонгүй ирлээ. Африкийн хүүхдүүдэд зориулж Америкийн рок-поп оддын хоороор дуулсан We Are the World хэмээх дуу, USA For Africa концертын цомгийг Будапештэд очсоныхоо бараг маргааш нь олж авлаа. Bob Seger-ийн American Storm, Like-A-Rock дууны хоёр хос пянзыг унгарын монголч эрдэмтэн, миний хуучин найз Надь Золтан надад Унгарт анх удаа ирснийг минь бэлгэшээж бэлэглэв. Дунай мөрөн дэх Чепель арал дээрхи орон сууцны хороололдоо намайг урьж би бүтэн өдөр тэднийд өнжиж Bob Seger (and Silver Bullet Band)-ээр өвчилж байв. Against the Wind, Real Love, The Ring гээд хит дуунууд нь хэзээ ч гандан бууршгүй, би дараахан нь олж авсан юм. Унгарт би бас анх удаа "Genesis"-ийн (Phil Collins) Invisible Touch дууг жолооч залуугаасаа анх олж сонсоод тэр даруй кассетанд хуулуулж авав. Follow you follow me, We Can"t Dance, In too deep, One More Night, Anything She Does, The Brazilian Domino гээд 1980-аад оны сүүлээр Монголд нэвтэрсэн дуунууд бий. Шведийн "Europe" хамтлагийн The Final Countdown гэдэг хүнд рок дууг би бас тэгэхэд Будапештээс олж ирсэн юм. We Are the World-оор дамжаад эрэл сурал болсоор байж Bruce Springsteen-ийн Tougher than the Rest, I"m On Fire, Born in the USA, Glory Days, Born to Run дуунуудыг Унгараас Монголд авчрав.

Bob Seger-ийн American Storm-оор дамжаад би Америкийн рок ертөнц рүү нэвтрэх замаа заслаа. Ерөөсөө их цоглог, римтлэг, классик тал руу нь татагдлаа. Баруун Берлинд явж байхдаа тэндхийн FM-ээр "Boy Meets Girl"-ийн Waiting for a Star to fall; "Buggles"-ийн Video Killed the Radio Star хэмээх хоёр дууг олж сонсоод тэр нь чихнээ орж хоногшоод эрэл сурал хийх миний донг хөдөлгөж билээ. The best song ever гэж өөрсдөө үздэг, хүлээн зөвшөөрөгдсөн тэр Waiting for a Star to fall бол үнэхээр классик, романтик, хийморь сэргээмээр дуу шиг надад санагддаг. Өглөө сэрээд сонсож байх нээ хааяа тэгж бодогддог юм. Хийж бүтээмээр, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлмээр бодогдоод босоод ирдэг дээ, зарим өглөө. Тэр үед би Bob Seger-ийн American Storm,  Jon Bon Jovi-ийн In These Arms, Rod Stewart-ын Forever Уoung, Bruce Springsteen-ний Trapped, Chris de Burgh-ийн Say Goodbye To It All  хэмээх  дуунуудыг их сонсдог байв. Цоглог хүчтэй ая,  эрэмгий тасралтгүй хэмнэл нь эр зоригийг бадраах шиг болдог юм. Зарим өглөө шартаад босоод ирэхэд шар тайлах шиг болдог гээч бүр.
-    Bye to it all,
Say goodbye to it all, Say goodbye to it all,
Say goodbye to it all, Say goodbye to it all гээд л Chris de Burgh-ийн өргөлттэй цоглог  дахилт авахад л хамаг сэтгэл сэргээд ирэх нь тэр дээ.
Москвад суралцаж байх үед юмдаг, барууны рок дуунууд Орос руу чөлөөтэй нэвтэрч, FM-үүд нээгдэж миний хоббиг нэлээд баяжуулж тэлсэн байх. Хүйтэн дайн дууссан биш барууны хард рок, классик рок дуунууд хил хязгааргүй тархав. Аль 1970-1980-аад дуулаад алдаршчихсан дуунууд нь хуучин коммунист ертөнц рүү хэдэн зуугаараа цустгасан юмсанж. John Waite & Alison Krauss нарын I Missing You,  When You Say Nothing At All; "Journey" хамтлаг ба түүний гоцлол дуучин Steve Perry-ийн Don"t stop believing, Oh Sherry, Faithfully; Jon Bon Jovi-ийн Waiting for a star to fall, Bed оf Roses, Heaven; Richard Marx-ын Right Here Waiting for you; Foreigner-ийн I wanna know what love is; "Alphaville"-ийн Forever Young; "U2" хамтлагийн With or Without you зэрэг дуу, "Queen"-ы цомгууд Москвад  1990-ээд оны эхээр хит болж байлаа. Radio Ga Ga, I Want to Break Free, The Invisible man, Innuendo, Friends will be Friends, In My Defence гээд "Queen"-ы олон дууг нь би амтархан сонсдог. Ритм, хэмнэл, цоглогийг нь (бүр час хийсэн шүү, Freddy Mercury-ийн час хийсэн хоолойг хэлж байна) сонсоод байхнээ жинхэнэ рок хамтлаг бол явж явж энэ "Queen" л болж таарлаа гэх бодол ч хааяа зурсхийдэг юм. "Guns N" Roses"-ын дууг сонсоод ертөнцөөс тасраад дотор нь орчихоод сууж байхдаа ч мөн л жинхэнэ рок хамтлаг гэж эднийг л хэлнэ дээ гэж боддог юм. Knocking on heavens door, November Rain, Civil War дуу бол хэзээ ч гандан бууршгүй ээ.

1990-ээд оны эхний хагаст миний сан хөмрөг Meat Loaf-ийн I would do anything for love, Bat out of Hell, I"d Lie for You, Rock and Roll Dreams Come Through; "Take that"-ын Back for good; "R.E.M."–ийн Everybody Hurts; Celine Dion-ы Thats The Way, My Heart Will Go On, Its All Coming Back To Me Now; Frankie Miller-ийн Dream the Dream; Cyndi Lauper-ийн Time After Time, Girls just wanna have fun All through the night; Bryan Adams-ын Summer of 69, Please forgive me; Martina McBride-ийн I love you, Faith Hill, Breathe; Paul Young-ийн Every time You Go Away, "Chicago" хамтлагийн You"re the inspiration,   Hard to Say I"m Sorry, If You Leave Me Now; "10 СС" хамтлагийн  I"m not in love, "Boston" хамтлагийн Amanda, More Than а Feeling; Joe Cocker-ын Up where we belong you are so beautiful; "Cinderella" хамтлагийн Don"t know what you got till its gone; Jennifer Rush-ийн The power of love; "The Police" хамтлагийн Every Breath You Take; Nazareth-ийн Love Hurts; "Jefferson starship" хамтлагийн Nothing"s gonna stop us now, We Built This City; "A-ha" хамтлагийн Stay on These Roads, Take On Me; Rick Springfield –ийн Jessie"s Girl; Irene Cara-гийн What a feeling; J. Geils Band-ын Centerfold; "The Outfield" хамтлагийн Your Love, Voices Of Babylon, Everytime You Cry; Diana Ross & Lionel Richie нарын My Endless Love; Dibbie Gibson-ы Lost In your Eyes; Klymaxx хамтлагийн I miss you; Blondie-ийн Heart of Glass зэрэг дуугаар баяжжээ. Эдгээр дуунуудын зарим нь бүр 1970-аад онд баруундаа хит болчихсон ч дөнгөж 1990-ээд онд нээгдсэн манай нийгэмд бол хожуу орж ирсэн хэрэг. Тэр утгаар жагсааж, уншигчиддаа хэргээр санаа өгч байна. Энэ жагсаалтаар хөөгөөд олж сонсоорой гэсэн утгаар. 

Rock and Roll Dreams Come Through дууны цоглог ая, бөмбөрийн цохилт, баас гитарын гоцлол, Stay on These Roads, Every time You Go Away, The power of love, You"re the inspiration, Thats The Way, Everybody Hurts дууны уянгын, тэгэхдээ цоглог-уянгалаг гээд задалж яривал их юм бичиж болно л доо. Гэвч энэ маань хөгжмийн хичээл биш учраас энэ удаа хэрэггүй. Хамгийн сүүлд Iglu & Hartley хэмээх рок хамтлагийн In this city дууг амтархан сонсдог болоод байна. Эд бол бүгд л миний өөрийн хобби болох цоглог, римтлэг рок төрлийн, ихэнхи нь америк дуунууд даа. Яг одоо би  Celtic Woman хэмээх ирландын хамтлагийн амтанд ид орж, тэр хамтлагийн охидыг шүтэх болж байна. Ялангуяа You Raise Me Up дууг нь сонсоод уйдашгүй.
Хөгжмийн айхтар боловсролтой биш ч өөрийн гэх хөгжмийн ертөнцтэй, үнэлэмжтэй байх нь өөрт зөв юм гэдгийг би өөртөө болон үр хүүхэддээ суулгасан хүн дээ. Ингэхэд Монголын маань поп-рокууд хаана байнаа гэж уншигч Та асуух магад. Үнэндээ миний үеэл Долгион, Ангирмаа хоёроос өөр миний сонирхол татдаг хамтлаг дуучин гэж надад байхгүй гэчихвэл бүү гомдоорой. Хааяа нэг Сарантуяа, Батчулуун, Бадар-Ууганыг сонсох боловч бараг л үгүйтэй адил даа. Аль 40 гаруй жилийн тэртээ миний тархи руу орж эзэмдээд хамаг зайг нь эзэлчихсэн барууны рок хөгжмийг монгол дуу хуураар нэмж дүүргэх сэтгэхүйн боломж ч байдаггүй юм байна лээ. Тийм учраас би ерөөсөө монгол эстрадын дуу сонсдоггүй. Монгол хэл, соёл, ахуй заншил нь угаасаа рок хөгжимтэй гал ус шиг харшлаад байх шиг санагддаг юм. Ялангуяа монгол хэл үү! 

Миний дунд сургуулийн найз Элчин сайд Д.Болдбаатарын их охин одоо АНУ-д хөгжмийн урлагаар их сургууль дүүргэж байгаа. Тэрээр англи, францаар дуугаа зохиогоод үг аяыг нь бичээд дуулчихдаг, баруунд чимээгүйхэн алдаршиж яваа. Түүний бичлэг, CD, DVD эдүгээ лав Швейцарийн зах зээлд борлогдож байна. АНУ-д мөд тэсрэлт гаргаж болох анхны монгол охин гэж би хувьдаа үздэг юм. Тэрээр хэлж байна лээ. Монгол хэл ерөөсөө рок, поп дуунд заяагдаагүй гэж. Тэр л үнэн болж таарах нь гэж би ханьсаж байгаа шүү.   

Монгол хүн нас ахиад ирэхээрээ сүүтэй цай, хийцтэй цай, аагтай цай,  өөх тосонд орж, ардын дуу, зохиолын дуу сонсомтгой уярамтгай болдог гэж ярьдаг бол би бүр эсрэгээр. Харийн нутагт лапшагаа санаад сүйд боллоо л гэдэг, эхнэрийн гарын цай ч гэх шиг, би тэгснийг нь бараг доог хийнэ гээч. Одоо 50-ийг аль хэдийнээ алхаад нас ахиж яваа ч юун зохиолын, нийтийн дуу манатай, My Rock Idol ("Миний рок шүтээн") гээд хэдэн тусгай файл (хэд хэдэн CD, DVD дүүрнэ) зохиогоод гаргачихсан шиг, бүр мянгаар нь бичлэг, видео цуглуулаад л, сонсоод л таашаал аваад явна гэдэг монгол ухаанд харш мэт. Гэвч би  шантрашгүй ээ.


Би: Миний амьдралын тойрог, НЭПКО, 
2009 номынх нь  105-114-р хуудаснаас 

READ MORE - Миний рок хөгжмийн их ертөнц 2

Миний рок хөгжмийн их ертөнц 1

Энэ нийтлэлчийг сайн танихгүй ч гэлээ. 3жилийн өмнө бичсэн нийтлэл нь үнэхээр таалагдсан болохоор уг эзнээс зөвшөөрөл авалгүйгээр ямартай ч блогдоо орууллаа. Хэрвээ тэгээд таалагдахгүй бол устгах хүсэлтэй уламжлана биздээ.

Миний рок хөгжмийн их ертөнц 1

Аль 40 гаруй жилийн тэртээ миний тархи руу орж эзэмдээд хамаг зайг нь эзэлчихсэн барууны рок хөгжмийг монгол дуу хуураар нэмж дүүргэх сэтгэхүйн боломж надад   байхгүй юм байна. Тийм учраас би ерөөсөө монгол эстрадын дуу сонсдоггүй.

1970-аад оны эх бол Монголд рок-поп хөгжмийн урлагийн суурь эргэлтгүй тавигдсан,  тэр нь нийгмийнхээ сэтгэхүйд айхтар нөлөөлж, үнэндээ намын үзэл суртлаас давж гарсан түүхэн зурвас үе байсан болов уу гэж би боддог юм. Тэсрэлтийн үе гээд нэрлэчихэд бараг хэтрүүлэг болохгүй. Дуу хөгжимд хил хязгаар гэж үгүй юм, тэгэх тусмаа шинээр түрэн орж буй барууны рок-поп хөгжимд манай үзэл суртал саад хийж даан ч хүчрэхгүй юм гэдгийг хар багадаа л би мэдэрч ойлгож билээ.  

1970-аад оны эхээр үсээ урт  ургуулан,  өргөн (трапец гэдэг байв) өмдөөр гангарч,  шинэ содон пянз, бичлэг цуглуулж, орцондоо гитар тоглох бол тэртээх цаг үеийн хотын банди нарын шинэхэн, нийтлэг гэмээр дүр төрх байсан болов уу. Үүнийг би тойрч гараагүй юм. Энд би бас л 40 мянгатынхан гэж явцуурах гэж байна. Үсээ урт ургуулж, өргөн өмд тавиад МУИС-ийн оюутан байхдаа МХЗЭ-ийн Хорооны даргадаа адлагдаж, Улсын баатар Нянтайсүрэн гуайд аашлуулж, хүмүүжлийн лекцэнд сууж л явлаа. Тэр үед цагдаад баригдан үсээ хайчлуулж, өмдөө хяргуулж явсан 40 мянгатын залуус бол  одоо нийгэмд тэргүүлэх байр сууринд хүрээд, улс төр-нийгмийн нэртэй зүтгэлтнүүд болцгоосон доо. Хөрөнгөтний үзэл суртал ханхалсан хэмээн дээрээс хорьдог байсан тэр дууг нь сонсоод бид муу хүн болсонгүй. Харин ч бусдаас нэг алхам өмнө алхсан гэж омог бардам хэлэх бүрэн эрхтэй. Бидэнд үзүүлсэн нөлөө, суулгасан амьдралын ухаан, ертөнцийг харах нүд гээд ярьж эхэлбэл энд өгүүлж баршгүй ээ. Рок хөгжим бол нийгмийг урагшлуулах нэгээхэн чухал локомотив байсан юм болов уу. Бид хүн төрөлхтөний хөгжлийн локомотивоос зүүгдээд хөгжил дэвшлээ эрүүл нүдээр бодитой харахад рок хөгжим  тусалсан гэж би боддог оо. Бодохоор ч барахгүй батлана чиг.  

Анх миний хувьд барууны рок хөгжмийг нүдээр үзэж биетээр мэдэрсэн нь гэвэл, Трубадур хэмээх  (Troubadour) польшийн рок хамтлаг, тэд Залуучуудын ордонг (одоогийн Драмын театр) нураах шахтлаа дуулж бүжиглээд, нүдийг минь гэнэт нээж бишрүүлж билээ. Тэгж байтал "Соёл-Эрдэнэ" төрж бидний үеийнхний дууч болсон доо. “Соёл-Эрдэнэ”-ийн өмнөхөн МРТУХ-ны дэргэд "Баянмонгол" хэмээх дагшаа хөгжмийн хамтлаг байгуулагдаад манаргаж байв. Тэр нь радио, телевизээр жааз, дагшаа хөгжмийн урлагийг сурталчилж эхлэв. Драмын театр дахь Залуучуудын ордонд Баатарсүх гэж нэг лут гитарчин залуу, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дэргэд Зуундарь ахлагчтай бас нэг рок хамтлаг гараад ирэв. Гутлын үйлдвэрийн дэргэд нэг хамтлаг бий болоод фенүүдийнх нь дотор би ч бас орж явлаа. 
        
Барууны сонгодог рок руу сэтгэл татагдахад минь манай гэрийн "Комета" хэмээх хоёр дамарт магнитофон их үүрэг гүйцэтгэсэн дээ. Түүнийхээ хүндийг үл хайхран үүрсээр, өргөсөөр явж айлуудаас дуу бичнээ. Миний үеэл эгч Чимгээ, үеэл ах Долгион маань Орос 3-р сургуульд сурдаг, тэд маш их бололцоотой, мөн ч их пянз цуглуулна, би алдалгүй хуулж авна. Тэр хоёрын найз нар гэж соёлын үрийг тарих анхны шанг татагсад. Аав маань Югослав, Болгарт, ээж маань Унгарт албан ажлаар яваад ирэхдээ бас ганц нэг пянз, бичлэг авчирч өгч байсан. Манай ангийн найз нар мөн пянзны хоббитой, яаж ийгээд л шинэ дуу олоод ирнэ. Манай Д.Болдбаатарын ойрын садангийн Дамдинжав гэдэг ах нь Польшид Элчин сайд, тэдний хөвгүүд гэж бидний үеийн Батнасан, Батсайхан нар биднийг пянз төдийгүй барууны тухай мэдээлэл, зураг хөргөөр бишгүй нэг хангасан даа. Манай ангийн Д.Дангаасүрэнгийн ах Галаазагираа гэж биднээс хоёр дээр ангийн нөхөр Унгарт дээд сургуульд явчихаад тэндээс мөн ч олон пянз бидэнд зөөж унгарын алдарт рок урлагийг Монголд сурталчилж байв. Манай зэргэлдээ 40 мянгатын арктай байранд аж төрдөг зохиолч Ч.Лодойдамба гуайн охид,  хүү Л.Галбардах нь хойноос пянзыг ч зөөх шиг болсон, за тэгээд манай Бат-Үүл гэж пянзны том магнат, 40 мянгат хавьдаа алдартай. Тэдний садангийн нэг хүн Германд сууж байсан (Цэрэнжав гэдэг хүн, охин нь хожим Да.Ганболдын эхнэр болсон) гээд пянз нэлээдийг авчирдаг байв. МУИС-д элссэний дараа манай ангид Д.Уртнасан гэж найз маань надтай пянз дуугаар нөхөрлөв. Түүний аав нь "ганган" Дондог гэж манай ГХЯ-ны гараашт жолооч. 1960-аад онд Нью Йоркт томилолтоор ажиллаж байгаад ирсэн тул Уртаагийнд маань хамгийн сайн пянзнууд байсан юм.  Энэ мэт эцэг эх нь, эсвэл садан төрөл нь гадаадад суудаг найз нар маань пянз бичлэгээр гэгээ цохиулж бидний хоббиг үлэмж хөдөлгөж байж билээ.   

Эргэн тойрон бүгд л хошуурч байсан тул би юу гэж хоцрохов. Энэ бүхнийг "Комета" хэмээх хоёр дамарт магнитофондоо шингээж би ч бас шилдэг бичлэгийн цуглуулгатай болж авлаа. Аав маань кино үйлдвэрээс хуучин хальс авчраад дамрыг нь дүүргээд өгчихнө, тэгээд бичээд байх нь тэр дээ. Дуугийг нь сонсож бишрэх тусмаа зураг хөргийг нь цуглуулна, хорхойсно, холбогдох мэдээллийг "Кругозор", "Ровесник" сэтгүүлээс уншина. Өөр хоорондоо ярилцана. Би энд 40 мянгатынхныгаа л яриад байна.  

Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй ээ. Тэрээр “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол гитарчин Д.Галсанбаттай багын найз, Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын бараг толгой нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэнэ. Долгион маань 1972 онд ЦЕДС-д  элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр "Rolling Stones"-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшруулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь энэ болов уу. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд "Инээмсэглэл" хамтлагийг Долгион л санаачилсан. Олон сайхан дууны ая, үг зохиосон. Нөлөө нь надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа. Чимгээ эгчийн маань ээж (алдарт эмч Ч.Долгор) гадаадаас пянз авчирна. Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировка хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусийн "Пeсняры" хамтлагийн дуу надаар дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион "Соёл-Эрдэнэ"-ийн "Хүүш Дамдин" дуунд зориулж  аяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна. Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрөөгөө мөн байх гэж боддог юм. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм.
 
Амьд хөгжмийн домог болсон Ливерпулийн дөрвөл намайг анхлан 1968-1969 оны үед ховсодсон болов уу. Домогт "Битлз"-ийн хөшөөг Улаанбаатарын унаган иргэдийн нутаг болох 40 мянгатад сүндэрлүүлсэн хөшөөний нээлтэд байж чадаагүйдээ харамсдаг. Хөшөөний нээлтэд “Битлз”-ийн дууг  сонсч, ухаарч, бас доргиж явсан 1960-1980-аад оны “Дөчин мянгатынхан”  бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларахад би Каирт байж таарсан юм. Би бол сурч, мэдэхийн төлөө тэмүүлдэг ид насандаа “Битлз”-ийн дууг сонсож,  хаалттай нийгмийн үед гадаад ертөнцтэй тэр дуугаар нь холбогдсон хүн л дээ. Үнэндээ “Битлз”-ийн дуу бол хөрөнгөтөн нийгмийн суртал ухуулга огтоос байгаагүй юм. Хайр сэтгэл, хүний амьдралыг л магтан дуулдаг, тэгэхдээ аяс ритм нь цаанаа л нэг увдистай гэх үү дээ. Англи хэлний ашиг тусыг хаалттай тэр үеийн нийгэмд "The Beatles" л бидэнд мэдрүүлсэн. "The Beatles"-ээр дамжуулан дэлхийн тэр том, чухал хэлийг сурч болох юм байна, хялбар ч юм байна гэдгийг би л лав ойлгож байсан, тэр хэрээрээ англи дуугаар хүү, охиноо шахсаар байж хэлний дөртэй болгосон хүн дээ. 

Яг намайг ховсодсон тэр үед болов уу, Монголд "The Beatles", "The Rolling Stones", "The Bee Gees" гурав зэрэг нэвтэрсэн юм. Аль нь түрүүлснийг, чухам хэн хаанаас оруулж ирснийг яг нэрлэж чадашгүй. Тэгэхдээ би баттай хэлж чадах ганц үнэн бол манай дипломатчдын хүүхдүүд соёлын үрийг анхлан тарьсан юм даа. Тэр үед чихнээ орж хоногшоод одоо хүртэл чихнээс минь гардаггүй A Day in the Life,  I Wanna Hold Your Hand, I Me Mine, Across the Universe, Hey Jude, Hello Goodbye, Don"t let me down, Let it be, While My Guitar Gently Weeps, Here comes the sun, Lovely Rita,  I"ve Got a Feeling,  Ticket to Ride, Lucy in the Sky with Diamonds гээд өөрийнхөө андахгүй олон дууг нэрлэж болж байна. 

"Rooftop Concert – 1969" гэж дээвэр дээр тоглосон концертыг би анх  Зуундариас олж сонсож, зурагнуудыг нь ээжийнхээ аппаратаар татаж нийтэд түгээж явлаа. Please Please Me (1963), With The Beatles (1963), A Hard Day"s Night (1964), Beatles for Sale (1964), Help! (1965), Rubber Soul (1965),   Revolver (1966),  Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band (1967),  The Beatles (The White Album; 1968),  Yellow Submarine (1969),  Abbey Road (1969),  Let It Be (1970) гээд бүх  цомог (пянзны альбом) нь миний хүрээллийнхэнд байсан. Тэдгээрийн бүгдийнх нь хавтасны нүүрийг би гэрэл зураг болгож цуглуулсан юм. Тэр ч бүү хэл Sergeant Pepper"s-ийн хавтасны зурагнаас сэдэвлээд “Битлз”-ийнхний торгон цэргийн хувцастай зурагнуудыг усан будгаар өнгө ялган, фантазлан зураад бусдад ч бэлэглэж байв. 

Тэр үеэс намайг ховсдож, 40 гаруй жил чихэнд минь хоногшоод байнга сонссоор ирсэн, заримыг нь өглөө сэрмэгцээ шинэ өглөөтэй хамт сонсож хэвшсэн дуу ч гэж надад байдаг юм. Хүний амьдрал үргэлж баяр баясалтай байдаггүй, заримдаа хямрах, гуниглах үе бий, зүрх өвдөх, толгой өвдөх, даралт ихсэх тохиолдолд би The Beatles-ээ л сонсож тайтгарна, өвчнөө анагаана даа. “Битлз”-ийн дуу сонсмогц өвчин нь илааршдаг гэхлээр уншигчдад сонин санагдах байх л даа. While My Guitar Gently Weeps, Here comes the sun, Lovely Rita, Hello Goodbye, Let it be, Golden Slumbers-Carry That Weight-The End зэрэг дуу наддаа бол оргил нь гэмээр, уншигчиддаа харьцуулалт хийлгэх үүднээс нэрлэчихье. Сүүлчийн тэр дуунд: 

-    Once there was a way to get back homeward. Once there was a way to get back home. Sleep, pretty darling, not cry And I will sing a lullaby. Golden slumbers fill your eyes; smilles awake you when you rise. Boy you"re gonna carry that weight, carry that weight for a long time гэж ирээд л том оркестртой дуулсан, аяс, соло, бөмбөр, төгөлдөр хуурын гоцлол, Paul McCartney-н хагас сөөнгө, тод хоолойтой хослоод ёстой даан ч давтагдашгүй ээ. 

Жорж Харрисоны 1968 онд зохиосноос өнөөг хүртэл дуулагдаж байгаа:
-    I look at you all see the love there that"s sleeping. While my guitar gently weeps. I look at the floor and I see it need sweeping. Still my guitar gently weeps гээд л ая нь зүрх зүсүүлсэн дууг жишээлээд үз.

Here comes the sun дууны: 

-    Here comes the sun, do do do do. Here comes the sun, and I say. It"s all right. Little darling. It"s been a long cold lonely winter. Little darling. It feels like years since it"s been here – гээд мөрүүд одоо хүртэл чихэнд минь орж хоногшчихоод хэзээ ч мартагддаггүй юм.

Би  Let it be-г гитар дээр тоглоод дуулчихдаг байсан юм. Энд сонирхуулж 2004 оны шинэхэн баримт дэлгэе. Малайзын Ерөнхий сайдын дэргэдэх Дипломатын ба гадаад харилцааны институтэд “Олон улсын стратегийн дүн шинжилгээ“сэдвээр нэг сар суралцах боломж надад оногдоод, 18 улсын 19 иргэн нэг групп болж Куала Лумпурт байх үед юмдаг, группынхаа сүлд дууллыг зохиоё гээд байхлаар нь би "Бидэнд нийтлэг дуу нэг л байна" гэсээр байгаад Let it be-г санал болгож, эцэст нь бүгдээрээ зөвшөөрч, хаалтын ёслол дээрээ хоороор дуулцгааж билээ. Тэгэхэд ливи, сири, афганистан, бруней зэрэг хэт лалжсан орны иргэдээр тэр дууг дуулуулж бүр уяруулж чадсан юм даа. 

-    When I find myself in times of trouble. Mother Mary comes to me. Speaking words of wisdom. Let it be. And in my hour of darkness. She is standing right it front of me. Speaking words of wisdom. Let it be … гээд бүр цээжлүүлчихсэн шүү.
 
Индонезийн лал, балбын хиндү, мальдивын лалын шашинт, тэр ч бүү хэл Мьянмарын цэргийн хатуу дэглэмтэй орны түшмэл хүртэл бүгд л миний ятгалгад автчихаад уярсан юмдаг. Let it be даян дэлхийгээр нэг тарсан юм байна гэдгийг тэгэхэд би ёстой нэг мэдрэх шиг болсон доо. Лалын тулгуурт үзэлтнүүдээр, лалын Малайзд Let it be-г дуулуулж байгаа хэрэг шүү дээ. Тэдний өссөн төрсөн орчин, хүмүүжил гэж шал ондоо байж таарнаа даа. Дууны ид шидэнд байв уу, миний овсгоотойнх уу, бүү мэд, ямар ч гэсэн хоёр талаасаа хосолсон юм. 

“Битлз”-ээр ид өвчилж дэгдэж дэвэрч явах насанд минь тэд маань гэнэт салцгааж, хамтлаг нь тарж, сэтгэл гэгэлзүүлсэн, гуниг тээсэн явдал болдог юм байна. Жорж Харрисоны My sweet lord гээд хит дуу бий дээ.
 
-    My sweet Lord. Mm my Lord. Mm my Lord. I really want to see you. I really want to be with you. I really want to see you Lord. But it takes so long my Lord. My sweet Lord. Mm my Lord. Mm my Lord. I really want to know you. I really want to go with you. I really want to show you Lord. That it won"t take long my Lord. 

Энэ дуу, дууны үг, соло гоцлол нь тэр гуниг тээсэн явдлыг яг  нүднээ буутал харуулсан тул сонсох бүртээ л самсаа шархирах шиг болдог байлаа. Манай үеийнхэн My sweet lord-ыг гаргуун гитардаж дуулдаг байсан даа. Бүр сүүлд 2006 онд Billy Preston гоцлон дуулаад, Eric Clapton, Dhani Harrison (хүү нь) нар гоцлон гитардаад, Ringo Starr, Paul McCartney нар оролцоод, алдарт Phill Collins бөмбөр цохиод Харрисоны дурсгалд зориулж My sweet lord-ыг хоортой (30 гаруй хөгжимчин оролцсон том симфони оркестр) дуулсныг сонсмогц зүрх зүсэгдэх шиг болдог юм. Тэр их гунигийг Харрисоны I Got My Mind Set On You, You, What is Life  дуу нь цайруулах шиг болдогсон. Great single (1975) гэгддэг You гэдэг дуу одоо ч намайг эзэмдсээр байна. Тодорхой үггүй атлаа аяс нь цаанаа л нэг хоржоонтой, ялангуяа саксофоны гоцлол нь. Дөрөвхөн минутын тэр дуу энэ ертөнцийг тэр чигээр нь багтаачихсан ч юм шиг, маш их юм бодогдуулна даа. Жон Ленноны Jealous Guy, Woman, Imagine, Give Peace A Chance байна. Уянгын рокийн оргил болсон, бас л сэтгэл гэгэлзүүлэх талдаа дуунууд. Хэзээ ч уйдмааргүй. “Битлз”тарсны дараахи тэр дуунуудын талаар манай Бат-Үүл их мэргэжсэн, их ч цуглуулдаг, би тэднийд их сонсдогсон. Тэрээр энэ талаар бүхэл бүтэн лекц уншчих байх шүү. 

"The Rolling Stones" гэж ая дуу нь эвлэг бус, хаашаа ч юм, анхандаа чихэнд сонсголонгүй юм шиг санагдаж байснаа мөдхөн намайг ховсодсон доо. Бас л Бат-Үүлээс надад халдварласан. As Tears Go By, Get off of my cloud, Brown Sugar, Under My Thumb, I Can"t Get No Satisfaction, Wild Horses, Gimme Shelter, Let It Bleed, Start Me Up зэрэг дуунууд нь анх Монголд нэвтэрсэн болов уу. As Tears Go By бол уянгалаг, бас гүн агуулга бүхий дуу шиг санагддаг.
-       It is the evening of the day
            I sit and watch the children play.
            Smiling faces I can see, but not for me
            I sit and watch as tears go by гээд гуравхан бадаг, 
            би одоо ч сонсож, дагаж дуулдаг юм.  
 
Dead Flowers хэмээх дуу нь надад гойд таалагддаг. Бид сонсож сонсож "уужим дуу" гэж нэр өгч байж билээ. Тэгэхдээ "The Beatles", "The Rolling Stones"-ийн дууг  нэр дор бүү хэл, нэг өдөр сонсож болдоггүй, үнэхээр стиль ритм нь нэг л харш юм шиг санагддаг байсан чигээрээ надад өнөө хүрчээ. Харин тэд дараа нь нийлээд дуулаад болоод байсныг (John Lennon, Keith Richards, Eric Clapton, Mitch Mitchel нарын тоглосон гэх мэт) би ойлгохгүй, хүлээн авахгүй чигээрээ л явна даа. Drift Away гэж хамтарч дуулсан нэг зүгээр дуу бий. Гэхдээ стиль нь "The Rolling Stones"-ынх. Ер нь тэр хамтлагийг чимдэг хоёр зүйл байдаг гэж би боддог. Бөмбөрийн тэр хүчтэй цоглог, тасралтгүй цохилт аргил гитартайгаа хослоод, Mick Jagger-ийн этгээд, тод тэгсэн мөртлөө сөөнгө тэр хоолой, жишээ болгоод  Its Only Rock and Roll (But I Like It) гэдэг дууг нь сонсоод үзээрэй. 

"The Bee Gees"-ийн талаархи миний сэтгэгдэл бол дуунууд нь мөн л сэтгэл гэгэлзүүлсэн, гуниг тээсэн аястай. Тэртээ 1960-аад оны эхээр амных нь салиа арилаагүй арван хэдтэй банди нар (ах дүү гурав-Robin, Maurice, Barry Gibb) синфони-рок оркестртой тийм хүнд дуунуудыг, тийм дууны стилийг гаргаад ирсэнд нь би үнэхээр гайхдаг юм. I Can"t See Nobody, To Love Somebody, World, Word, I Started a Joke,  Times Passing  By, Massachusetts, First of May дуунууд анхлан Монголд  нэвтэрсэн шиг санагддаг. 

World-ыг сонсох бүрт л дотор огших шиг болоод явчихдаг, их л гүн ухаанлаг дуу даа.
-    Now, I found, that the world is round 
      And of course it rains every day. – гээд л хийлийн гоцлол ороод ирмэгц нь хамаг  
сэтгэл зүрх чинь болохоо болих вий
First of May гэж намайг үнэхээр донтуулсан сонсоод хэзээ ч уйдашгүй нэг дуу бий, үнэхээр хит, би 40 жил дагаж дуулж байна. Бүр сүүлд You Win Again дуу нь нэвтэрсэн байх, бараг надаас өөр хүнд байсан уу, мэдэхгүй. "The Beatles"-ийн A Day in the Life дууг "The Bee Gees"-ийнхэн дуулсныг Та олж сонссон уу? Бас л хит шүү дээ. "The Bee Gees"-ийг би суу билэгт хамтлаг гэж ямагт үзсээр байх болно.
Үргэлжлэл бий
Би: Миний амьдралын тойрог, НЭПКО,  2009 номынх нь 96-104-р хуудаснаас 
READ MORE - Миний рок хөгжмийн их ертөнц 1

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!